Трамп цагаачдыг хязгаарлах зарлиг гаргалаа


АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Лалын терррорист бүлэглэлүүдийг АНУ-д нэвтрүүлэхээс сэргийлэх арга хэмжээг чангатгах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Цагаачлалын асуудлаар өргөн хүрээг хамарсан энэ зарлигт “мэдэгдэхүйц өөрчлөлт гарах хүртэл Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзах” асуудал мөн багтсан байна.  Түүнчлэн АНУ 2017 онд хүлээн авах цагаачдын тоог 50 мянга хүртэл бууруулахаар шийджээ. Энэ нь өмнөх засаг захиргааны үед тогтоосон хязгаарын тал хувьд ч хүрэхгүй аж. Баасан гаригт телевизэд өгсөн ярилцлагадаа Доналд Трамп цаашид АНУ-аас түр оршин суух зөвшөөрөл хүсч буй Сирийн дүрвэгсэд христийн шашинтай бол давуу тал болно гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Доналд Трамп орон нутгийн цагаар баасан гаригт Пентагонд анх удаа зочилсон юм. Тэтгэвэрт гарсан генерал Жеймс Мэттис Батлан хамгаалахын сайдын тангараг өргөсний дараа ерөнхийлөгч Пентагонд дээрх зарлигт гарын үсэг зуржээ. Энэ үеэр Трамп “Манай улсыг дэмжиж, манай ард түмнийг үнэн сэтгэлээсээ хайрладаг тийм л хүмүүсийг эх орондоо оруулах болно” гэж хэлсэн байна.

Зарлигт багтсан хязгаарлалтуудыг товч танилцуулахад:

  • Цагаач иргэдийг хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаанд зогсоох
  • Мэдэгдэхүйц өөрчлөлт гарах хүртэл Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзах
  • Ирак, Сири болон өөр бусад “тайван бус” байдалд байгаа орнуудын иргэдийг 90 хоногийн хугацаанд хүлээн авахгүй байх. Үүнд, Ойрхи Дорнод ба Африкийн долоон улс багтсан ба тэдгээр нь Ирак, Сириэс гадна Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэгдэж байна.
  • Цаашид дүрвэгсдийг хүлээн авах асуудалд тухайн иргэн улсынхаа шашны цөөнх бол шашин шүтлэгийг харгалзан үзэх
  • 2017 онд 50 мянгаас хэтрэхгүй тооны дүрвэгсдийг хүлээн авах зэрэг асуудал багтжээ.

АНУ-д нэвтрэх виз олголтын асуудлаар мөн хэд хэдэн өөрчлөлт хийхээр болсон байна. Үүнд, виз хүсч буй бүх орны иргэдийн мэдээллийг нарийвчлан шалгах, Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журмыг түр хугацаанд цуцлах зэрэг багтжээ.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд