Хавайн галт уулын хайлмаг далайн усанд орсноор хортой үүл бүрэлдэж эхэлжээ


Хавайн гол арал дээр оршдог Килауеа галт уул дэлбэрснээс үүссэн хайлмаг буюу лаавын урсгал хүрээгээ тэлсээр далайн усанд цутгаж эхэлжээ.

Ингэснээр хайлсан хад чулуу устай урвалд орж, хүчиллэг цагаан үүл манан үүсгэж эхэлсэн байна. Уг үүлэнд бас маш нарийн ширхэгтэй шилний хэсгүүд агуулагдаж байгаа юм.

Ням гарагт арлын эрх баригчид иргэдийг хорт үүлнээс хол байхыг анхааруулжээ. Энэхүү шинэ аюулаас гадна хоёр долоо хоног үргэлжилж байгаа лаавын урсгал иргэдийн эзэмшил газруудыг сүйтгэж, байшин барилгуудыг устгаад байгаа. Газрын хагарлаас ялгарсан хүхрийн давхар ислийн хийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна.

Мөн Килауеа уулын тогооноос гарч буй үнс нурам арлын баруун өмнөд хэсэг рүү цацагдаж байгаа юм.

Далайн устай лаав урвалд орсноос үүссэн үүл манан хүний арьс, нүдийг гэмтээж, амьсгалын эрхтний ажиллагаанд муу нөлөө үзүүлэхийг эрдэмтэд анхааруулжээ.

Одоогоор үүссэн үүл манан нь эргээс зайтай байгаа ба салхины чиг өөрчлөгдвөл арлыг бүрхэх аюултай байна. Хэрвээ арьс нь хорсож эхэлбэл иргэдийг даруй гэртээ хоргодохыг зөвлөжээ.

Өнгөрсөн Бямба гарагт галт уулын идэвхжлээс анх удаа хүний эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгдсэн юм. Орон сууцны гурван давхрын тагтан дээр сууж байсан хүн рүү халуун хайлмаг үсэрснээс хөл нь түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сүүлийн байдлаар халуун лаавын урсгал 40 орчим барилга байгууламжийг сүйтгэсний 20 гаруй нь иргэдийн орон сууц байгаа юм. Нийтдээ 2,000 орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна.

Эрдэмтдийн дүгнэж байгаагаар Килауеа уул дэлбэрснээс хойш газрын ангалаар урсаж гарсан лаав нь 1955 оны дэлбэрэлтийн улмаас үүссэн хуучин хайлмаг байсан бол сүүлийн хэдэн өдөр шинэхэн халуун, хурдтай лаавын урсгал түрж гарч ирснээр гамшгийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгааг тайлбарлажээ.

Гамшиг хэр удаан хугацаанд үргэлжлэхийг эрдэмтэд хэлж чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

 

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэлүүд