“Би эмэгтэйчүүдэд хэзээ ч хоолоо сой гэж зөвлөдөггүй”


Цахим ертөнцийнхөн Б.Цэцэгийг илүү мэднэ. Ялангуяа түүний заадаг дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын талаарх зөвлөгөө эмэгтэйчүүдийг байлдан дагуулаад эхэлжээ. Энэ удаагийн зочноор жүжигчин Б.Цэцэгийг урьсан юм. Жүжигчин бүсгүй долоон жилийн турш нийгмийн сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд өөрийн контентуудаа удахгүй цацах гээд тун завгүй явна лээ.

 

ЯАЖ БИ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН БЭ?

 

Тэрээр олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д их сургууль төгссөн,  хуульч эрхзүйч мэргэжилтэй. “Хадаг”, “Хөөрхөн шулам” кино, “Үүлэн үст” дууны клипэнд тоглосноор нь Б.Цэцэгийг үзэгчид мэдэх болсон.

 

Харин хүүхэд төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хооллолтын үр дүнд нэг жилийн дотор 58 кг болтлоо жин хаяж чадсан тэсвэр тэвчээртэй эмэгтэй гэдгээр нь илүү хүндэлдэг.  Тэрээр энэ тухайгаа “Би эрүүл хооллолтын тухай уулзалт зохиодог. Миний хүргэж байгаа мэдээллүүдийг ихэвчлэн илүүдэл жинтэй бүсгүйчүүд уншиж, судалдаг. Учир нь би энэ бүхнийг өөрийн биеэр давж туулсан шүү дээ. Би 128 кг жингээс хавангаа буулгаад 113 кг, үүнээс 58 кг жинтэй болохын тулд бүхэл бүтэн нэг жилийг зарцуулсан.  Яаж би эргээд хэвийн хэмжээндээ очих вэ. Яавал би нэг жин дээрээ удаан гацахгүй байх вэ гэдгийг судалсан. Ингээд хүмүүсийн нүдэн дээр эрс өөрчлөгдөхөд илүүдэл жинтэй бүсгүйчүүд надаас яаж турсан бэ гэж маш их асуух болсон. Тэгэхээр нь би ийм хоол ид, эрүүл хоол гэж ийм юм байдаг гээд ярьж өгөхөөр уулзалт зохион бай­гуулдаг болсон.  Мөн ирэхгүй байгаа хүмүүс видеог үзээд та эрүүл сайхан болох боломжтой, та итгэл төгс байх боломжтой, та ямар ч мөнгөөр эм худалдаж авахгүйгээр турах, эрүүл­жих боломжтой гэж хэлэ­хийг хүссэн” гэж байлаа. 

 

ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ТАРХИА ЦЭГЦЛЭХ