Дэлхийн банк “Эрчим хүч-2” төсөл хэрэгжүүлнэ


Эрчим хүчний яамнаас мэдээлж байгаагаар Дэлхийн банкнаас “Эрчим хүч 2” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, цахилгаан түгээх компаниудын техникийн болон зүй бус алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих боломжтой болох аж.

Тухайлбал, төсөл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д тус тус хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажил хангагдаж эхэлжээ.

Энэ хүрээнд төслөөр дараах ажлыг хийх аж.

Үүнд:

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур хот , Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөл.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10мВт-ын нарны цахилгаан станц барих юм байна.