Хамаатны 19 хүн хамт хооллосны дараа 9 нь коронавирусийн халдвар авчээ

Хонконгод хамаатны 19 хүн нийлж хоолонд орсны дараа тэдний 9 нь коронавирусийн халдвар авсан тухай албаны хүмүүс өчигдөр мэдээллээ.

Тэд нэгдүгээр сарын 26-нд цуглан халуун шөл буюу хот пот идсэн байна. Хамгийн анх 91 настай эмээ болон 24 настай залуугаас коронавирусийн халдвар илэрсэн гэнэ. Үүний дараа 24 настай залуугийн аав, ээж, нагац эгч, үеэлүүд нь коронавирусээр өвчилсөн нь тогтоогджээ.

Эхлээд дээрх цугларалтад очсон хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Залуу хүмүүсийн хувьд шинж тэмдэг нь ханиаднаас ялгагдахгүй байсан гэнэ. Хамгийн анх халдвар авсан залуу хэд хэдэн удаа эмнэлэгт үзүүлсний дараа оношийг нь ханиад биш болохыг тогтоожээ.

Мөн тэдний 2 нь Хятадын Гуандун муж руу аялж ирсний дараагаар хоолонд орохоор гэр бүлийнхэнтэйгээ уулзсан байна. Коронавирусийн халдвар авсан 9 хүнийг хоёр тусдаа эмнэлэгт даруй тусгаарласан гэж Хонконгийн эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлэв. 

Ийнхүү Хонконгод коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн хүний тоо 36 болж нэмэгдлээ. Дэлхий даяар 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өглөөний 9 цагийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол 910 болж, нийт өвчилсөн хүний тоо 40,553-т хүрээд байна. Харин 3342 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.



Сэтгэгдэл 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ask.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.