Би дээд боловсрол эзэмшихээ болилоо


Азтай аавын хүү, ээжийн охин нь цэцэрлэгт хүмүүжих эрх сугалж, эцэг, эхийгээ башийлгадаг болсон монголд бага ангийн хүүхдээ нааш цааш нь зөөж, баахан түвэг, чирэгдэлтэйгээр сургах хэрэг байгаа ч юм уу, бүү мэд. Бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд орхиё гэж бодох боллоо, бүр. Гадаадад үгүй юм гэхэд дотоодод дээд боловсрол эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг минь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэдэн нөхөр үгүй хийчихлээ. Нийгмийн сүлжээгээр “МАН-ы нэр дэвшигч дипломтой, АН-ынх дипломгүй, МАХН-ынх хуурамч дипломтой” хэмээн хошигнож буйд бухимдаж байна. Тоогоор илэрхийлбэл, монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь дээд боловсролгүй байна. Би ерөөсөө дээд боловсрол эзэмшихээ болилоо.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга дунд боловсролтой зураач, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээд боловсролын дипломгүй гэгддэг нь аль хэдийнэ олонд ил болсон зүйл. Гэвч АН-ынхан Монголын урдаа барьдаг эдийн засагч, доктор Р.Амаржаргалыг бус, дунд боловсролтой Х.Баттулгыг, МАХН-ынхан хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, академич С.Нарангэрэлийг бус, замын дундаас зориуд “наалдсан”, дээд боловсролын дипломгүй С.Ганбаатарыг илүүд үзэж, итгэл хүлээлгэсэнтэй эвлэрэхэд хэцүү байна. Гэвч үүгээр аль аль намынх нь жирийн гишүүдийг буруутгах гэсэнгүй. Улс төрийн намын шийдвэр гаргах дээд байгууллага нь гишүүдийнхээ олонхын саналаар ийн шийдвэрлэсэн гэж байгаа ч заримыг нь хүлээлтээс гадуур нэр дэвшигч, хуйвалдааны замаар гарч ирсэн гэж элдвээр шүүмжилж буйг бас үгүйсгэх аргагүй.