Г.Угалзцэцэг Хөвсгөл нутгийн оны онцлох бахархалт алдартнаар тодоржээ


Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл нутгийн уугуул Монголын Бодибилдинг фитнесийн холбооны тамирчин Дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг Хөвсгөл нутгийн оны онцлох бахархалт алдартнаар тодорлоо. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ.


Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг энэ жил 39 настай бодбилдингээр сүүлийн 7 жил тасралтгүй хичээллэж байгаа юм. Тэрээр 2015 онд  бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон юм. Энэхүү амжилтаа бататган өнгөрсөн 10 сард Энэтхэг Улсын Пунь хотноо болсон бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртэж Ази тивийн аваргаар 3 дахь удаагаа шалгараад байгаа ажээ. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Алаг-Эрдэнэ сумын уугуул ОУХМ Г.Угалзцэцэгт Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавъяат тамирчин” цол олгуулахаар  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 49-р тогтоолыг материалын хамт Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн бөгөөд тэрээр маргааш шагналаа гардан авах ажээ.